Feb 21, 2017

ФАНТАЗ АГУУЛАМЖТАЙ КИНО СОЛОНГОСТ ХӨГЖСӨН БАЙДАЛ -1-




  • ФАНТАЗ АГУУЛАМЖ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?


Эндээс миний бичих фантаз шинж чанар гэдэг нь киноны жанрын хувьд "ФАНТАЗ(уран зөгнөлт)" биш болно. Бодит амьдрал дээр байдаггүй хийсвэр агууламжыг ямар нэгэн байдлаар оролцуулсан киног нийтэд нь хэлсэн болно. Өөрөөр хэлбэл жанрын хувьд Fantasy, Super hero, SF-аас гадна ямар ч жижиг хэмжээний бай хийсвэр агууламжыг ашигласан бүх төрлийн кинонуудыг хэлсэн болно.


Монгол кинонуудаас жишээ авч бичихэд "Дурлалын гэмт хэрэг" шиг ой санамж алдагдуулдаг эм гэдэг агууламж (Кинон дээрээ сүүлд нь тийм үйлчилгээтэй эм байдаггүй, жүжиглэж байсан гэж гардаг хэдий ч энэ киноны нийт асуудлыг үүсгэх гол хүчин зүйл тул оруулав), "Аз жаргалын шок" шиг хүйс нь солигдох, "Цахирмаа" шиг зомбитой кино зэрэг бүгд орно.



  • ЯАГААД ЗААВАЛ СОЛОНГОСЫГ ЖИШЭЭ ТАТАЖ БАЙНА ВЭ?


Би хувьдаа Монголд Фантаз жанрын, фантази агууламжтай кинонууд олон гараасай гэж хүсдэг. Өөрөө Солонгост кино продюсерийн чиглэлээр сурч байгаа тул хичээл дээр хийсэн судалгаануудаа Монголын кино зах зээлтэй холбож судладаг. Багш маань ч тэрийг дэмжиж тусладаг. Мөн тулааны кинондоо фантази шинж чанарыг агуулдаг хятад шиг ямар нэгэн фантази өнгө аястай болоогүй байгаа Ази орны хувьд Солонгосын кино хөгжлийн дараалал, хэлбэр, нөхцөл зэрэг нь ойролцоо дөхөм санагддаг юм. Мэдээж Монгол Солонгосыг бодвол хэт хойно явж байгаа нь үнэн. Гэхдээ Ази царайтай Төмөр хүн гараад ирвэл нүдэнд эвгүй харагдах нь Солонгосын үзэгчдэд ч, Монголын үзэгчдэд ч адилхан байх болов уу? Яг л алтан шар үстэй Чингис хааны дүр шиг.




1. Солонгост саяхнаас л дөнгөж фантаз шинж чанар агуулсан кино хийж байгаа юу?


Хариулт нь үгүй. Монголын хамгийн анхны үлгэрийн кино болох "Бушхүүгийн үлгэр" шиг Солонгост ч ялгаагүй фантаз агууламжтай кинонууд мэр сэр хийгдсээр ирсэн. Гэвч саяхнаас л хөгжиж амжилтанд хүрсэн кинонууд гарч ирсэн нь үнэн. 


Солонгост хийгдсэн амжилт олсон фантаз агууламжтай киноноос танилцуулъя. 


          1. Miss Granny(2013)



Найруулагч : Хуанг Дунг Хёк


Жанр : Инээдэм


Логлайн : 70 настай эмээ гэрийнхэндээ гомдон шарил дээрээ тавих зургаа авхуулахаар зурагчинд ороод гарч ирэхдээ 20 настай залуугийн төрхөндөө эргэж хувирсан байна.


Фантази агуулга : Хөгшин хүн үл мэдэгдэх хүчин зүйлээс болоод залуугийн төрхөндөө эргэж очно.


IMDb оноо : 7.3


Нийт үзэгчдийн тоо : 8.656.397 хүн.

Нийт орлого : 62.696.639.249 вон.
(Солонгос улсад кино театрт гарсан байдлаар)


Уг кино нь 2014 онд Солонгост нээлтээ хийсэн нийт 50 киноноос ашиг орлогоороо 5 дугаарт бичигддэг. Эмэгтэй гол дүртэй ашиг орлогоороо амжилт олсон Солонгос кино сүүлийн хэдэн жил гарч ирээгүй байсан, мөн хөгшин гол дүрийн жүжигчинтэй ашиг олсон кино бараг байдаггүй тул тэр үедээ маш сайнаар дүгнэгдсэн юм. Тэр чигээрээ фантаз жанрын кино биш боловч Солонгос үзэгчдийн хүлээн зөвшөөрөх хэмжээний хийсвэр шинжийг амжилттай оруулсан нь тэр үеийн кино продюсерүүдэд цаашдаа ийм төрлийн оролдлого хийх боломжыг нээж өгсөн.


Дүгнэлт : Зурагчин дээр очоод залуу насандаа оччихно гэдэг бол яаж ч бодсон шал үнэмшилгүй хийсвэр зүйл. Гэхдээ энэ кино үзэгчдийг ямар ч асуудалгүй өөртөө татсан шалтгаан нь хүн болгон эргээд залуу болох юмсан, залуу насандаа ганц очиж үзэх юмсан гэж хүсдэгээс болсон юм болов уу. Хүн болгон тийм бодол ганц нэг удаа боддог учраас шал хийсвэр энэ хүчин зүйл нь хүмүүст хол юм шиг эвгүй санагдаагүй байх.

Хүмүүс ном, кино зэргээр дамжуулан өөрийн биелүүлж чадахгүй хүслээ нөхөж, таашаал авах тохиолдол байдаг. Миний ч бас фантаз кинонд дуртай шалтгаан энэ. Бодит амьдрал дээр хэрэгжүүлж болохгүй зүйлийг нүдээрээ харж мэдэрдэг учраас... Уг кино нь хүний ийм хүслийг ашигласан инээдмийн жанрын кино юм. Гэвч сайн киноноос авах сургамж, мэдрэмж мэдээж ганц байдаггүй. Уг киноны хамгийн том сэдэв бол ГЭР БҮЛ бөгөөд, гэр бүлийн хооронд тохиолдож болох үл ойлголцол, гэр бүлдээ бүхнээ зориулж өөрийгөө золиослосон эх хүний сэтгэлийг хөгжилтэй маягаар харуулсан кино юм.  



2. Киноны хийсвэр орон зай, хйисвэр орон зайнд өрнөж буй амьдралын шугам хаанаас үүсдэг вэ?

Бидний сайн мэдэх "Бөгжний эзэн", "Harry Potter", "Оньс тайлагч" зэрэг кинонууд өмнө нь харж байгаагүй хийсвэр орон зайд үйл явдал нь өрнөдөг бөгөөд тэр орон зайд амьдардаг киноны баатруудын хэл яриа, хэрэглэдэг хэрэгсэл ч бас шинэ зүйлсээр дүүрэн байдаг. Ид шидтэнгүүдийн сургууль бодит амьдрал дээр байдаггүйг бид мэднэ. Энэ бүгд зохиолчдийн бий болгосон шинэ орон зай хэдий ч шинэ орон зай бүр ямар нэг эртний уран зохиол ч юмуу үлгэр домгоос үндэслэсэн байдаг гэдгийг судалгааныхаа явцад олж харсан юм. 

          2. A Werewolf Boy (2012)



Найруулагч : Жу Сонг Хий


Жанр : Фантаз, Романс


Логлайн : Эмчилгээний журмаар гэр бүлээрээ хөдөөний тосгон руу нүүсэн охин, тэнд амьдардаг хүн төрхтэй зэрлэг араатантай учирна. Охин түүнийг хүний амьдралд дасгаж сургах боловч нутгийн иргэдийн айдас, дургүйцлээс болж хагацахад хүрнэ.


Фантази агуулга : Хүн чоно

Хийсвэр орон зай : Хүн чоно амьдардаг Солонгосын хөдөөний тосгон.

IMDb оноо : 7.4


Нийт үзэгчдийн тоо : 6.654.837 хүн.

Нийт орлого : 46.593.107.500 вон.
(Солонгос улсад кино театрт гарсан байдлаар)


Уг кино нь 2012 онд Солонгос улсад нээлтээ хийсэн нийт кинонуудаас ашиг орлогоороо 4-р байрыг эзэлдэг. 

Үлгэрийн кино, фантаз агууламжтай кино тэр үед байгаагүй учир мэргэжлийнхний анхаарлыг маш их татсан. Жу Сонг Хий найруулагч уг кино зохиолыг Солонгосын Кино Академын оюутан байхдаа бичсэн. Анх эмэгтэй хүн чоно байсан боловч киног комершл болгох явцад эрэгтэй хүн чоно болж солигдсон. Киноны төгсгөл ч бас илүү эмэгнэлтэй байсан хэрнээ солигдсон гэнэ. 

Дүгнэлт : Солонгост амжилт олсон бараг анхны үлгэрийн кино байсан. Энэ киног сонгож танилцуулсан нь эртний грекийн домогт баатрыг яаж Солонгос орчинд дотно санагдахаар хийсэн талаар дурьдах гэсэн юм. Хүн чоно гэдэг агууламж Европ гаралтай байтал яаж Солонгос төрхтэй хүн чоно үзэгчдэд хэтэрхий худлаа биш санагдсан бэ? Хүн чонын домог хэдий Европ гаралтай ч олон жилийн турш олон орны хувилбар ном зохиолууд хийгдсээр ирсэнтэй холбоотой юм болов уу? Европ бүүхий л Азийн олон орнуудад хүн чонын домог эртнээс олон янзаар хувилагдсаар ирсэн. Монгол хүн чонын дүр яагаад ч юм байж болох юм шиг санагдахгүй байна гэж үү? Бөртэ Чоно Гоо Маралын удамчуудын хувьд чоно гэдэг амьтан их л ойрхон санагддаг шүү дээ.. 

За тэр ч яахав. Миний хувьд энэ амжилтад жүжигчдийн нөлөө маш их байсан. Хүн чонын дүр хэрвээ үнэхээр чоно шиг царайтай хэрцгий байсан бол Солонгосын үзэгчдэд хүрэх байсан болов уу? Үгүй л байх. Дээр бичсэн шиг киног комершл болгох явцад нилээд хэдэн зүйл өөрчлөгдсөн. Продюсерийн хувьд мэдээж үзэгчдэд таалагдах бүтээл дээр азаа турших ёстой (Тэр үед үлгэрийн кино хийх нь хангалттай аз туршсан хэрэг гэж дүгнэв). Тэгвэл нийт үзэгчдийн дийлэнх нь эмэгтэй байдаг Солонгос орны хувьд үл мэдэх, шинэлэг, нууцлаг дүрд царайлаг эрэгтэй жүжигчин тоглуулахаас өөр яахав. Бас хийцийн хувьд хэдий Грекийн домог дээр гардаг хүн чоно хэдий ч японы үлгэрийн кино шиг байсан нь (Ялангуяа эмэгтэй гол дүрийн имидж яав ч европ хүүхэн биш) бас л япон хүүхэлдэйн кино үзэх дуртай Солонгос үзэгчдэд зориулсан юм болов уу. Яг Солонгосын хөдөө шиг орчин биш ч гэсэн үлгэрийн кино гэдэг утгаараа хүмүүст ойлгогдоод өнгөрсөн байх. Ямартай ч энэ кино Солонгост хийгдсэн үлгэрийн кинонуудаас хамгийн шилдэг нь. Энэ киног үзсэнээс хойш энэ найруулагчийн киног хүлээж эхэлсэн. Түүний дараагийн кино "Phantom Detective" яг үнэндээ сэтгэлд жоохон хүрээгүй..

+Энэ киног Тим Бортен найруулачийн "Edward Scissorhands"(1990)-тай плотын хувьд адилхан гэж дүгнэх мэргэжилтнүүд олон байдаг. Плот зохиогчын эрхээр хамгаалагддаггүйгээс хойш одоо яая гэхэв.


 


Хүн чонын тухай агуулга, эсвэл хөгшин хүн залуу насандаа эргэж очсон агуулга үзэгчдийн хувьд ямар нэг байдлаар бодож үзсэн, хүсэж үзсэн дотно сэдэв байсан учраас хийсвэр байдал нь хөндий санагдаагүй гэж дээр жишээ татаж дурьдсан.


Тэгвэл хүмүүсийн огт сонсож байгаагүй, харж байгаагүй шинэ орон зайг яаж бүтээж хүмүүст ойлгомжтойгоор хүргэх вэ?


          3. The Maze Runner (2014)





Найруулагч : Was Ball


Жанр : Адал явдал, Триллер, Sci-Fi


Логлайн : Робот мангасаар хамгаалагдсан аймшигтай том учир нь олдохгүй оньс дотор хоригдсон ой санамжаа алдсан хүүхдүүдийн оргох тэмцэл.  


Фантази агуулга : Ирээдүй цаг дахь дэлхийн сүйрэл, шинжлэх ухаан хөгжсөн байдал.


Хийсвэр орон зай : Хүний бүтээсэн аймшигт том оньс. Тэр дундах хүүхдүүдийн бүтээсэн шинэ амьдрал.


IMDb оноо : 6.8



Яг үнэндээ гарчигныхаа дагуу Солонгос ийм төрлийн киног жишээ татаж танилцуулах гэсэн боловч хэтэрхий муу жишээ болох гээд байгаа тул судалгааны явцад тэр кинотой харьцуулж судалж байсан энэ киног жишээ татав. 


Уг кинон дээр шинэ орон зай, шинэ хэллэг, амьдралын шинэ дүрэм их гардаг. Эх зохиол нь 10 жилийнхэнд зориулсан фантаз роман бөгөөд кино болгоход зохиолд нь дуртай байсан фэнүүд нь догдолж хүлээж байсан. Мэдээж тэр фэнүүдийн хувьд кинон дээрхи шинэ хэллэг, агууламжууд шууд ойлгогдох байх. Тэгэхдээ энэ киноны уран бүтээлчид уг киног хийхдээ мэдээж зөвхөн тэр фэнүүдэд зориулж хийхгүй нь ойлгомжтой. Зохиолыг нь уншаагүй киног нь үзэхээр ирсэн үзэгчдэд ч бас ойлгогдохын тулд ямар аргыг ашигласан бэ?

Дүгнэлт : Ирээдүйг зөгнөсөн кинон дээрхи фантаз шинж чанар нь ихэвчлэн бидний өмнө нь харж байгаагүй, сонсож байгаагүй, огт мэддэггүй зүйлүүд байдаг. Мэдээж  бичиж байгаа хүн нь ч тийм зүйлийг харж байгаагүй учир эвийг нь олж бичих маш хэцүү.

Ийм кинонууд яаж үзэгчдэд ирээдүйд ийм орон зай байгаад байна аа гэдгийг хүндрэлгүйгээр хүргэдэг вэ?

Хамгийн муу шийдэл бол ТАЙЛБАР. Ийм киноны шинэ агууламжыг тайлбарлах хамгийн муу хоёр арга байдаг. Нэг нь дэлгэцэн дээр бичигдсэн subtitle тайлбар, нөгөөх нь тэрийгээ арай давсан аргаар киноны баатраар үргэлжлүүлэн яриулсан тайлбар. Миний хувьд энэ кино 2 дахь нь.

(Дээр жишээ татах гэж байсан Солонгос кино 1 дэхь нь;;)

Уг киноны гол дүрийн баатар нь ой санамжаа алдчихаад учир нь олдохгүй сонин газар ирээд будилж байхад нь түрүүлж ирсэн өөр шиг нь хүүхдүүд ингэсэн тэгсэн ингэдэг тэгдэг гэж тайлбарлаж өгдөг. Үзэгчид тэндээс нь шинэ үг хэллэгийг цээжилж шинэ орчинг ойлгох гэж хичээдэг. Тэгээд арай чүү гэж дахин дахин сонссоны эцэст нэг юм тэр шинэ орон зайг ойлгоод одоо л кинондоо анхаарлаа хандуулж эхэлнэ. Гэтэл дөнгөж ойлгосон нөгөө орон зайг маань нөгөөх тайлбарласан гол баатрууд маань орхиод өөр орон зайд шилжчихнэ. Бас дахиад л өөр шинэ орон зай, мэддэггүй зүйлс гарч ирнэ. Гэхдээ энэ удаад нөгөөх хүүхдүүд маань ч тэр орон зайг мэдэхгүй будилах бөгөөд тайлбарлах хүн байхгүй учир үзэгчид кино баатруудтай нэг мэдрэмжийг авч кино сонирхолтой болж эхэлнэ. Гэтэл нэг удалгүй бас нэг жүжигчин гарч ирээд дахиад тайлбарлана. Тэгээд сайн ойлгож амжаагүй байхад кино дуусчихна.


Энэ кинон дээр миний хувьд ихэнхи хэсэг нь жүжигчний яриагаар тайлбарлуулсан байдаг учир нилэнхүйдээ бол муу шийдэл. Гэхдээ дээр дурьдсанчлан тайлбаргүй үзүүлсэн хэсэг бол сайн шийдэлтийн нэг хэлбэр юм. Ихэнхи сайн хийсвэр орон зайтай кинонууд жүжигчнээрээ яриулаа л байдаггүй шууд үзүүлдэг. Урт тайлбар сонсох эс үгүй бол тайлбарласан бичиг унших шиг кино үзэхэд анхаарал сарниулдаг зүйл байхгүй. Тайлбарт анхаарлаа сарниулсан үзэгчид кино театраас гарахдаа ямар кино үзсэнээ ойлгоогүй гарах нь мэдээжийн хэрэг шүү дээ.


*Продюсерийн хувьд тайлбар болгон муу гэсэн үг биш. Ихэвчлэн зохиол дээрээ сайн ажиллаж амжаагүй кинонууд хоолой уншуулах аргыг хэрэглэдэг. Ингэж үзэгчдийн анхаарлыг тайлбар луугаа татах нь зураг авалтын хувьд муу хийгдсэн кинонд сайнаар нөлөөлөх тал ч бий. 


Үзэгчид үзээд ойлгохгүй өнгөрч магадгүй гэсэн хэсгийг албаар кино нээлтээ хийхээс өмнө маркетингийн багийнхан трейлер дээрээ ч юмуу цацаж өгдөг. Тэгсэнээр үзэгчид аль хэдийн кинон дээрхи ойлгомжгүй хэсгийг ойлгох бэлтгэлтэй танхимд орж ирж суудаг. Киногоо үзчихээд танхимаас гарч ирсэн үзэгчийн сэтгэл ханамж эцсийн үр дүнд хангалуун байх нь ойлгомжтой. Үүнийг би Продюсерийн шийдэл гэж хэлмээр байна.